Татварын Ерөнхий Газар

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

   Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.04.13) нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын 2017 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

                                          Төсвийн төсөлтэй хамт өргөн баригдсан төслүүдийг батлав

   Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульдөөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан хийсэн юм.

   Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хууль тогтоомжийн төслүүдтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Ингээд хууль тогтоомжийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалтыг төсөл тус бүрээр явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.  

   Үүгээр төсвийн тодотголтой хамт өргөн баригдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд батлагдлаа. Мөн “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан юм. Уг тогтоолд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр 12 заалт бүхий тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

   Эдгээр хууль тогтоомжийн төслүүдээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 болон 5 дугаар зүйл, мөн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг 2017 оны 05 дугаарын 01-ний өдрөөс, 3 болон 4 дүгээр зүйл, 1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь заалтуудыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1, 2, 4 дүгээр зүйл, 3 дугаар зүйлийн 2 дахь заалтыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс, 3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөх юм.


Эх сурвалж http://www.parliament.mn/

:)