Татварын Ерөнхий Газар

“Е-баримтын хэрэглээ зах, худалдааны төвүүдэд” сэдэвт өдөрлөг боллоо .

Татвар төлөгчийн өдрүүд”-ийг тохиолдуулан “Е-баримтын хэрэглээ зах, худалдааны төвүүдэд” сэдвийн хүрээнд Нарантуул олон улсын худалдааны төвд ТЕГ, Нийслэлийн татварын газар, есөн дүүргийн Татварын хэлтэс, Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, “Нарантуул” захын удирдлагууд хамтран өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийг ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа нээж, үг хэлэв. Тэрбээр “Монголын Татварын албанаас жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг энэ сарын 07-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж байна. “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг энэ жил “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриан дор зохион байгуулж байна. Энэ хүрээнд Татварын хууль тогтоомжийг татвар төлөгчдөд сурталчлах, ажлын байранд нь очиж, үйлчилгээ, зөвлөгөө өгөхөөс гадна улс, орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа татвар төлөгчиддөө талархал илэрхийлдэг билээ.

Өнөөдрийн энэхүү өдөрлөгийг ТЕГ, Нийслэлийн татварын газар, есөн дүүргийн Татварын хэлтэс, Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, “Нарантуул” захын удирдлагууд хамтран зохион байгуулж байгааг дуулгая. Өдөрлөгийн үеэр Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбооны кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдааг мөн та бүхэнд сонирхуулж байна. Тэгэхээр энд худалдаа наймаа эрхэлж байгаа бизнес эрхлэгчид та бүхнийг энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

Өдөрлөгт “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ” тэмцээнд оролцогчид болон бизнес эрхлэгчид, иргэд идэвхтэй оролцов. Өдөрлөгт оролцож буй бизнес эрхлэгчдэд хандан Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбооны тэргүүн Ж.Баянмөнх “Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо 2016 онд байгуулагдсан. Монголын программ хангамжийн салбарт тэргүүлэх байр суурийг эзлэн ажиллаж байгаа компаниудыг нэгтгээд одоогоор 21 гишүүн байгууллагатай ажиллаж байна. Эдгээр гишүүд маань НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээр и-баримт олгох цахим системийг хэрэглээнд нэвтрүүлснээр Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа билээ. Одоогийн байдлаар 45 мянган баримт хэвлэх машиныг суурилуулсан гэж бүртгүүлсэн байна. Эдгээрийн 50-иас илүү хувь буюу 25 мянган хэрэглэгчийг өөрсдийнхөө баталгаат бүтээгдэхүүнээр хангаж, үйлчилгээгээ үзүүлээд явж байна. Өнөөдрийн өдөрлөгт манай холбооны гишүүн 10 гаруй байгууллага хямд үнэтэй, ажиллахад хялбар, баталгаат үйлчилгээтэй бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Нарантуул захын бас нэг онцлог бол Улаанбаатар хот төдийгүй хөдөө, орон нутгийн бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, иргэд хүнс, өргөн хэрэглээний бараагаа эндээс хангадаг. Тэр ч утгаараа Монгол Улсын дотоодын худалдаа, бараа эргэлтэд өндөр хувь эзэлдэг. Эдийн засагт үзүүлэх нөлөө нь ч нэлээд өндөр хувьтай байдаг. Энд бизнес эрхэлж байгаа ААН, худалдаачид НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, и-баримтыг олгож эхэлснээрээ худалдан авагчдынхаа НӨАТ-ын буцаалтыг авах, сугалаанд оролцох эрхийг хангахаас гадна Монгол Улсын эдийн засгийг эрүүлжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулна гэж бид үздэг. Тиймээс ч та бүхнийг энэхүү өдөрлөгт идэвхтэй оролцож, өөрийнхөө үйл ажиллагаанд таарсан шийдлийг сонгож, бизнесээ өргөжүүлэхийг хүсье” хэмээлээ.

Өдөрлөгийн үеэр Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбооны гишүүн аж ахуйн нэгжүүд оролцож, НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлэхэд ашиглах боломжтой төхөөрөмжүүдийг танилцууллаа. Тухайлбал, и-баримтыг www.ebarimt.mn вэб сайт, кассын машин, гар утасны апликейшн ашиглан гурван янзын төхөөрөмжөөр олгож байгаа бол одоо банкны терминаль дээр программ суулган шууд и-баримтыг олгодог болох шинэ системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Өдөрлөгийн үеэр мөн иргэдийн дунд “АХА” тэмцээн, хөгжөөнт тоглоом зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав. Мөн татварын улсын байцаагч нар татвар төлөгчдийн ажлын байранд мэдээлэл өгсөн юм.

Бичсэн Э.Энхцэцэг

Гэрэл зургийг П.Батзаяа 



:)