Татварын Ерөнхий Газар

“Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” уралдаант тэмцээний шилдгээр “Инфинити” баг шалгарлаа .

Монголын Татварын албанаас зохион байгуулсан “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцагч их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” уралдаант тэмцээн гурав хоногийн турш үргэлжилж, өнөөдөр тэмцээний шилдгүүдийг тодруулж, хаалтын ажиллагааг хийлээ. Шилдгүүдийг шалгаруулах сүүлийн шатны тэмцээнийг ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал нээж, “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцагч их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” уралдаант тэмцээнд оролцож буй зургаан их, дээд сургуулийн найман багийн нийт оролцогчдод амжилт хүслээ.

Тэмцээний хаалтын ажиллагаа Татварын ерөнхий газрын 8 давхарт болов. “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” уралдаант тэмцээнд Олон улсын Улаанбаатар их сургуулийн Л.Гүнжаргал багштай “Гэгээн ирээдүй”, ОУЭЗБДС-ийн Д.Пүрэвдорж багштай “Мэргэн”, МУИС-Бизнесийн сургуулийн Т.Мөнхзаяа багштай “Инфинити”, Л.Хишигбаяр багштай “Тэмүүлэл”, Мандах их сургуулийн М.Энхсүрэн багштай “Татварын титанууд”, Б.Ганбагана багштай “Мандах такс”, ХААИС-ийн Ч.Даваасүрэн багштай “Зургаан бэрх”, УБЭОДС-ийн Н.Мөнхбаатар багштай “Эрдэм” зэрэг найман баг өрсөлдлөө.

Багууд энэ сарын 09-10-ны өдрүүдэд “Нарантуул” олон улсын худалдааны төвд худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид и-баримтыг хэрэгжүүлээгүйгээс үүсэх эрсдэл, хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласнаар хүртэх үр өгөөжийг таниулж, сурталчлах, Зөрчлийн хуулийн холбогдох хэсгийг танилцуулах зэрэг даалгавруудыг гүйцэтгэсэн бол өнөөдөр шилдгүүдээ шалгарууллаа.

Шалгаруулалтыг ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, НТГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Энхтайван, ТМЗН-ийн гүйцэтгэх захирал Ц.Болормаа, ТМЗН-ийн Сургалт, судалгаа менежментийн хорооны дарга Х.Тунгалагмаа, ХСНХ-ны Удирдах зөвлөлийн дарга П.Баярсайхан нар шүүн явуулав. Тэмцээн тун ч өрсөлдөөнтэй болсон бөгөөд нэгдүгээр байрт МУИС-ийн Бизнесийн сургуулийн Т.Мөнхзаяа багштай “Инфинити”, удаах байрт МУИС-ийн Бизнесийн сургуулийн Л.Хишигбаяр багштай “Тэмүүлэл”, гутгаар байрт Мандах их сургуулийн М.Энхсүрэн багштай “Татварын титанууд” баг тус тус шалгарлаа.

Бичсэн Э.Энхцэцэг                                                                                   

Гэрэл зургийг П.Батзаяа 

:)