Татварын Ерөнхий Газар

“Үнэ шилжилтийн татварын тогтолцоо” сэдэвт сургалт зохион байгууллаа .

Монгол Улсын Татварын ерөнхий газар, ЖАЙКА Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллагатай хамтран 2017-2020 он хүртэл “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон Олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн 2-р шатны хүрээнд ТЕГ болон аймаг, дүүргийн Татварын хэлтсээс сонгогдсон 46 байцаагчийг олон улсын татвараар мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар дотоодод 5, Япон улсад 2 удаагийн сургалтад хамруулаад байна. Сургалтад хамрагдсан албан хаагчдад дунд ба гүнзгийрүүлсэн төвшний мэдлэг, чадвар олгохыг зорьж, дээрх сургалтуудыг явуулж байгаа юм.

Түүнчлэн ахисан төвшний танхимын сургалтыг өнгөрсөн баасан гарагт ТЕГ-ын сургалтын танхимд “Үнэ шилжилтийн татварын тогтолцоо” сэдвээр, семинарын хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд бодит үнэ тодорхойлох аргуудыг биет бус хөрөнгө дээр хэрхэн ашиглаж татвар ногдуулах талаар бодит жишээн дээр ажиллалаа.

Цаашдаа мэдлэгийн тал дээр, өөрийн орны олон улсын татвар ногдуулалтын тогтолцоог OECD загвар гэрээний заалтууд, агуулга болон гадаад улс орнуудын адил тогтолцоотой харьцуулалт хийж, онцлог шинж чанарыг зөвөөр тодорхойлох (дунд төвшин), олон улсын татвар ногдуулалтын хувьсан өөрчлөгдөх орчинд өөрийн орны тогтолцооны асуудалтай талыг цаг тухайд нь тодорхойлж, тухайн нөхцөл байдалд нийцсэн зохистой бөгөөд үр нөлөөтэй байх татварын тогтолцооны өөрчлөлтийн төслийг боловсруулах чадвартай байх (гүнзгийрүүлсэн төвшин) төвшинд хүрэх зорилт тавьжээ.

Үүнээс гадна ур чадварын тал дээр нарийн түвэгтэй үндэстэн дамнасан ажил, гүйлгээ болон төв ба охин компани, төв ба салбар хооронд гэх мэт харилцан хамааралтай этгээд хоорондын ажил гүйлгээг зохистойгоор тодорхойлж, тухайлсан ажил гүйлгээн дээр татвар ногдуулалтыг зохистойгоор тодорхойлох чадвар (дунд төвшин), улс дамнасан ажил гүйлгээний дотроос нарийн түвэгтэй, татвараас зайлсхийх өндөр төвшний тохиолдлыг зөв, зохистойгоор тодорхойлж, татвар ногдуулалтыг зөв хийх чадвартай байх (гүнзгийрүүлсэн төвшин) төвшинд хүрэх зорилт тавиад байгаа ажээ.










Бичсэн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Э.Энхцэцэг

Гэрэл зургийг ТЗУГ-ын мэргэжилтэн П.Батзаяа


:)