Татварын Ерөнхий Газар

“Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран ажиллах хүрээндээ “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сургагч багш М.Нандинцэцэг удирдан явуулсан юм.

Сургалтыг хүүхдийн эрх ба бизнесийн зарчим тэдгээрийн уялдаа холбоог хангах, хянах төрийн зохицуулалт, байгууллагын хүүхэд хамгааллын бодлого ба эцэг эхийн зөвлөл агуулгын хүрээнд явууллаа. Тэрбээр “Юуны өмнө хэдэн тоон баримт дурьдая. Тухайлбал, 2-14 насны хүүхдийн 46 хувь нь бие махбодь, сэтгэл зүйн шийтгэл, хөгжлийн бэрхшээлтэй 37000 хүүхэд буюу 46.6 хувь нь шоолуулж, дээрэлхүүлэх, хоёр жилийн хугацаанд 5128 хүүхэд гэмтлийн эмнэлэгт эмчлүүүлсэн, 5-17 насны хүүхдийн 10 хувь нь xүнд хөдөлмөр эрхэлдэг, асрах төвийн хүүхдийн 60 хувь нь хүчирхийллийн хохирогч, хүүхдийн 16.6 хувь нь эцэг, эхээсээ тусдаа амьдарч байна гэсэн тоон үзүүлэлт байгаа юм. Хүүхдийн  хөгжилд  хүчирхийлэл урт хугацааны ноцтой нөлөөллийг үзүүлдэг. Угтаа бол хүүхэд нас нь бие махбодь, сэтгэл санаа, оюун санааны хөгжлийн ховорхон мөчлөгт үе. Гэтэл хүчирхийлэл хүүхдийн  амь нас, эрүүл мэнд, хөгжих хэвийн орчныг алдагдуулж байна. Тиймээс танд болон хүүхдэд өөрийгөө хамгаалах мэдлэг олгох ажлыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж байна.

Хүүхдэд ээлтэй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор улс орнууд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын Конвенцид нэгдэн орж, хүүхдийн эсэн мэнд амьдрал, хөгжлийг баталгаатай хангах үүргийг биелүүлэхээ амладаг. Тэгвэл манай улс энэхүү конвенцид нэгдэж, ХХТХ-ийн 17.1-д Төрийн байгууллага хуульд заасан чиг үүргийн хүрээнд хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулна, 17.1.1-д хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхдээ тус тусын хуулиар заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, хамтран ажиллахаар заасан. Мөн Хүүхдийн эрх, аюулгүй байлыг хангах тухай 01 тоот албан даалгавар гарч, төрийн байгууллагууд хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийн онцлог, хүмүүжлийн аргын  чиглэлээр сургалт, мэдээлэл тогтмол зохион байгуулж, байгууллага бүр “ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ” байгуулж, “ХҮҮХЭД ХАМГААЛАЛЫН БОДЛОГО”-ыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Түүнчлэн албан тушаалтны сахилга, хариуцлагыг өндөржүүлж, хүүхэд хамгааллын асуудлыг шуурхай зохион байгуулах, дотоод гадаад орчинд эрсдэлийн үнэлгээ хийж, хүүхэд хамгааллын асуудлаар алдаа гаргасан ажилтанд хариуцлага тооцож, зохих талд мэдээлж ажиллах ёстой.

Хүүхэд амьдрах орчин, нийгэмд  бизнес хэрхэн нөлөөлөх  вэ гэдэг асуудал дээр гадны улс орнуудын сайн туршлага бий. Тухайлбал, АНУ жил бүр 90 орны хүүхдийн хөдөлмөрийн талаар илтгэл нийтэлдэг бол Их Британи ХХӨТГ-т ажиллах орны бизнесийн орчин, хүний эрхийн талаарх мэдээлээр хангадаг байна. Харин Европын холбоо НҮБ-ын Ерөнхий зөвлөмжийг хэрэгжүүлэх удирдамжийг салбар бүрээр боловсруулах ажлыг санхүүжүүлдэг байхад Дани нийлүүлэлтийн хариуцлагатай хэлхээний талаар ЖДҮ-д зориулж цахим арга хэрэгсэл боловсруулсан байдаг байна. Хүүхдийн эрхийг дээдлэх, хүндэтгэх үүрэг, хариуцлага бүгдэд хамаатай” гэсэн юм.

 

Хүүхэд хамгааллын бодлого, дүрмийг хэрэгжүүлэх хүрээнд төрийн байгууллагууд эцэг, эхийн зөвлөлтэй байх учиртай. Уг зөвлөл хүүхэд хамгааллын дүрэмтэй болох, уг дүрмийн хэрэгжилтийг хянах эцэг эхийн зөвлөл түүний  тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд удирдлагын төлөөллийг заавал оруулахаас гадна хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрхэд нөлөөлөх байдлын ажиглалт, тандалт, үнэлгээ, магадлан шинжилгээ, сайн дурын санаачилга, туршлагууд, байгууллага салбартаа хүний эрх, хүүхдийн эрхийг дээдлэх соёл төлөвшүүлэх, зөрчлийн мэдээлэл хүлээн авах, дамжуулах, ойлголт дээшлүүлэх, хамтран ажиллах, гомдол хүлээн авах, шийдвэрлэх, хохирлыг барагдуулах арга хэмжээ, хяналтыг тавих үүрэгтэй.

 

Татварын ерөнхий газарт хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн хөгжлийн онцлог, хүмүүжлийн эерэг арга, гэр бүлийн харилцаа сэдвүүдээр сургалт, сонсголыг тогтмол зохион байгуулах, хүүхэд хамгааллын бодлогыг боловсруулах чиг үүрэг бүхий “Эцэг, эхийн зөвлөл”-ийг ТЕГ-ын даргын 2018 оны наймдугаар сарын 30-ны өдрийн А/139 тоот тушаалаар байгуулсан юм. “Эцэг, эхийн зөвлөл”-ийн даргаар ТЕГ-ын ТЗУГ-ын дарга Л.Нэргүй, гишүүдээр ХХХГ-ын дарга Б.Болдбаатар, ДАГ-ын дарга Д.Сайханчулуун, Сургалтын төвийн дарга Б.Бадамцэцэг, СХОХ-ийн дарга Л.Бямбадорж, нарийн бичгийн даргаар ТЗУГ-ын Татварын улсын ахлах байцаагчийг тус тус томилсон. Тус зөвлөл нь албан тушаалтны сахилга хариуцлагыг өндөржүүлж, хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж, дотоод гадаад орчинд эрсдэлийн үнэлгээ хийж, дээрх асуудлаар ямар нэгэн алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох саналаа танилцуулж ажиллахыг даалгажээ. Уг үүргийнхээ хүрээнд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран сургалт явуулсан юм.

 

Үүнээс гадна бүх хүүхдэд хүндэтгэлтэй, (эмзэг сэдвээр болгоомжтой)  харилцах, хүүхдийг болзошгүй эрсдэл, хүчирхийллээс сэрэмжлэх, хүүхдийн гэрэл зурагт түүнээс болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс зөвшөөрөл авах, нас бага,  эмзэг, эрсдэлтэй  хүүхдэд анхаарч туслах, хүүхэд оролцох үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, бүтээгдэхүүн, реклам, зар сурталчилгаандаа хүүхдийн эрхийг зөрчихөөс сэргийлэх, хүүхэдтэй ажиллахдаа насанд хүрсэн өөр хүнтэй хамт байж, эмзэг,  эрсдэлтэй байдлаас сэргийлэхийг үргэлж анхаарах хэрэгтэй.

 

Харин хууль бус, хүүхдэд аюултай тохиолдлыг тоохгүй орхих, хүүхдийн дэргэд хараал, бүдүүлэг үг, буруу үлгэр үзүүлэх, хүүхдийг ялгаварлаж харьцах, гутаах, ичээх, басах, доромжлох, уурыг хүргэх, тийм үйлдлийг дэмжих, эсвэл цохих, зодох, тусгаарлах зэрэг бие махбодийн шийтгэл, хүчирхийлэлд оруулах, хүүхэдтэй бэлгийн харьцаа хандлагад өдсөн тоглоом, шалиг үг ярих, бусдад тийм боломж олгох, уруу татах, оруулахыг хатуу хориглох ёстой юм байна.







































































 

Бичсэн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Э.Энхцэцэг

 

Гэрэл зургийг ТЗУГ-ын ТУБ Н.Галбадрах, П.Батзаяа

:)