Татварын Ерөнхий Газар

“Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 211 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зөвлөмж .

ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ 


2021 оны 01 сарын 08-ны өдөр                                            Дугаар: 02                                                                  Улаанбаатар хот


НЭГ. ЗӨВЛӨМЖТЭЙ ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН НЭР, БАТЛАГДСАН ОГНОО, ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТ, ДЭД ЗААЛТЫН ДУГААР:


1.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 оны/-ийн 8 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалт;

1.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг;

1.3. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2019 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг; 

1.4. Хог хаягдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.31, 10 дугаар зүйлийн 10.2.7 дахь заалт.  

ХОЁР.СУДАЛГАА, САНАЛ ДҮГНЭЛТ:

2.1.Үүссэн нөхцөл байдал

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай” 211 дүгээр тогтоолын 

1 дүгээр зүйлд “Айл өрхийн болон дор дурдсанаас бусад аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс тооцож 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд төрөөс хариуцан төлөх арга хэмжээг зохих журмын дагуу авч хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай: ...”,

3 дугаар зүйлд “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, цэвэр, бохир усны эх үүсвэр болон шугам сүлжээ, түгээлтийн техникийн хүчин чадлын боломжит хэмжээтэй уялдуулан үйлчилгээний төлбөр, хураамжийг төрөөс хариуцан төлөх хэрэглээг өмнөх оны мөн үеийн хэрэглээтэй жишиж, энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг одоо байгаа батлагдсан тарифт хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар тус тус тооцож...”

7 дугаар зүйлд ““Энэ тогтоолын 1-д заасны дагуу төлбөр, хураамжийг төрөөс хариуцахад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цэвэр ашгаас тооцож, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ (Х.Бадамсүрэн), Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт тус тус даалгасугай” гэж тус тус заасныг хэрэгжүүлэхэд үүсэх харилцааг татварын хууль тогтоомжид нийцүүлэн Татварын албаны санаачлагаар татварын хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор зөвлөмж гаргах шаардлага үүссэн.


2.2.Холбогдох тооцоо, судалгаа


Өрх айл, иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, орлогыг хамгаалах тухай Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоолд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 870 гаруй мянган айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг урьдчилсан байдлаар төрөөс хариуцан төлөхөөр байна. Үүнд цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрт 477.2 тэрбум төгрөг, усны төлбөрт 108.2 тэрбум төгрөг, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлбөрт 26.6 тэрбум төгрөг зарцуулахаар байна.

2.3.Хууль эрх зүйн орчин, дүгнэлт

2.3.1.Аж ахуйн нэгж, байгууллагын хувьд:

 2.3.1.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу төрөөс хариуцан төлөх цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамж /цаашид “төрөөс хариуцан төлөх төлбөр, хураамж” гэх/ нь албан татвар ногдох орлогод хамаарахааргүй. 

2.3.1.2.Төрөөс хариуцан төлж байгаа төлбөр, хураамж нь аж ахуйн нэгж, байгууллагын хувьд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1.4-т заасан шаардлагыг хангахгүй тул эдгээр төлбөр, хураамж (цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсэн төлбөр, цэвэр, бохир ус хэрэглэсний төлбөр, энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамж)-ийг тайлант хугацааны албан татвар ногдох орлогоос хасагдах зардлаар тооцохгүй. 

2.3.1.3.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15-д “төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшуулал”-д нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох зохицуулалттай. 

Гэвч төрөөс хариуцан төлж байгаа төлбөр, хураамж нь төсвөөс олгосон санхүүжилт, татаас, урамшууллын орлогод хамаарахгүй байх тул нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй. 

2.3.1.4.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасаж тооцно: 14.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” гэж заасан.

Иймд аж ахуйн нэгж, байгууллагын ашиглалтын зардал (цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсэн төлбөр, цэвэр, бохир ус хэрэглэсний төлбөр)-ыг Засгийн газрын тогтоолын дагуу төрөөс хариуцан төлөх тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хасалт хийхгүй. 

2.3.1.5.Харин Засгийн газрын тогтоолын 3 дугаар зүйлд заасан өмнөх жилийн мөн үеийн хэрэглээнээс илүү гарсан төлбөрийг өөрөө төлсөн тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу төлсөн дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн төлбөрийн баримтаар нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийнэ.

2.3.2.Бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн /иргэн/-ий хувьд:

2.3.2.1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу төрөөс хариуцан төлж байгаа төлбөр, хураамж нь албан татвар ногдох үйл ажиллагааны орлогод хамаарахгүй байна.

2.3.2.2.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Үйл ажиллагааны орлогод албан татварын ногдуулах орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1-д заасан шаардлагыг хангасан зардлыг хасаж, мөн хуулийн 13.2-т заасан зарчмыг баримталж, 14, 15, 16, 17 дугаар зүйлийг дагаж мөрдөх” хуулийн зохицуулалттай байна. 

Иймд төрөөс хариуцан төлж байгаа төлбөр, хураамж нь аж ахуйн нэгж, байгууллагын хувьд хуулийн 13.1.4-т заасан үйлчилгээний зардлыг төлсөн байх шаардлагыг хангахгүй тул хувь хүний хувьд эдгээр зардал (цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсэн төлбөр, цэвэр, бохир ус хэрэглэсний төлбөр, энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамж)-ыг тайлант хугацааны албан татвар ногдох орлогоос хасагдах зардлаар тооцохгүй.

2.3.3.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч хувь хүний хувьд:

2.3.3.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.2.15-д “төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшуулал”-д нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах зохицуулалттай байна. 

Гэвч төрөөс хариуцан төлж байгаа төлбөр, хураамж нь төсвийн олгож байгаа санхүүжилт, татаас, урамшууллын орлогод хамаарахгүй тул нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй.

2.3.3.2.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасаж тооцно: 14.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хасалт хийх зохицуулалттай байна.

Иймд хувь хүний бизнесийн үйл ажиллагааны ашиглалтын зардал (цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсэн төлбөр, цэвэр, бохир ус хэрэглэсний төлбөр)-ыг Засгийн газрын тогтоолын дагуу төрөөс хариуцан төлж байгаа учир нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хасалт хийхгүй.

2.3.4.Эцсийн хэрэглэгч /Айл өрх, иргэн/-ийн хувьд:

2.3.4.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ” гэж заасан.Мөн хуулийн 15  дугаар зүйлийн 15.2-т “Албан татвар төлөгчид дараах хэлбэрээр урамшуулал олгож болно: 15.2.1.энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох, 15.2.2.сугалааны тохирлоор” олгох зохицуулалттай байна. 

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч хувь хүний өмнөөс төр хариуцан төлж байгаа төлбөр, хураамжийн төлөгдсөн дүнд хуулийн дагуу буцаан олголтын урамшуулал олгохгүй, мөн сугалааны тохирлын урамшуулалд хамрагдахгүй. 


ГУРАВ.ЗӨВЛӨМЖ БОЛГОХ НЬ:


3.1.Аж ахуйн нэгж, байгууллагын хувьд:

 3.1.1.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолын дагуу төрөөс хариуцан төлж байгаа төлбөр татварын зорилгоор татвар ногдох орлого болон татвар ногдох орлогоос хасагдах зардлаар хүлээн зөвшөөрч тайлагнахгүй. Санхүүгийн тайлантай холбоотой үүссэн зөрүүг “Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт  хоорондын зөрүүг зохицуулах тайлан”-д тусган тайлагнана.

3.1.2.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч нь төрөөс хариуцан төлж байгаа төлбөр, хураамжийг өөрөө төлөөгүй учир Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу шаардлагыг хангаагүй байх тул нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хасалт хийхгүй. 

3.1.3.Харин илүү хэрэглэсэн төлбөрийг аж ахуйн нэгж, байгууллага өөрөө төлсөн тохиолдолд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцно. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу төлсөн дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хасалтыг хийнэ.

3.2.Бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн /иргэн/-ий хувьд:

3.2.1.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолын дагуу төрөөс хариуцан төлж байгаа төлбөр хураамжийг татварын зорилгоор үйл ажиллагааны орлого болон татвар ногдох орлогоос хасагдах зардлаар хүлээн зөвшөөрч тайлагнахгүй.

3.2.2.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч нь төрөөс хариуцан төлж байгаа төлбөр хураамжийг өөрөө төлөөгүй учир Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан шаардлагыг хангахгүй байх тул нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хасалт хийхгүй.

3.2.3.Харин илүү хэрэглэсэн төлбөрийг өөрөө төлсөн тохиолдолд татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцно, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу төлсөн дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хасалтыг хийнэ. 

3.3.Эцсийн хэрэглэгч /Айл өрх/, иргэний хувьд:

3.3.1.Төрөөс хариуцан төлж байгаа төлбөр, хураамж нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байх тул 20 хувийн урамшууллын буцаан олголт авахгүй, мөн сугалааны тохирлын урамшуулалд хамрагдахгүй.

3.3.2.Харин илүү хэрэглэсэн төлбөрийг хувь хүн /иргэн/ өөрөө төлсөн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд төлсөн дүнд ногдох буцаан олголтын урамшуулал авах, сугалааны тохирлын урамшуулалд хамрагдана. 

3.4.Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, ус хангамж, ариутгах татуурга, хог хаягдлын үйл ажиллагаа эрхэлж буй Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолд хамрагдах аж ахуйн нэгж, байгууллагын хувьд:

3.4.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн /айл өрх/-ийн тухайн сарын хэрэглээний нийт дүн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан үйл ажиллагааны орлого болно. 

3.4.2. Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, ус хангамж, ариутгах татуурга, хог хаягдлын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага нь орлого зөвшөөрөх болон  цахим төлбөрийн баримтын систем (ebarimt)-д төлбөрийн баримтыг дараах байдлаар үйлдэнэ:

3.4.2.1.Аж ахуйн нэгж, байгууллага, үйл ажиллагаа эрхлэгч хувь хүний хувьд хэрэглээний нийт дүнгээр татвар төлөгчийн дугаараар төлбөрийн нэхэмжлэх үүсгэж, Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу үйл ажиллагааны орлого, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан тайлагнана.

Үүссэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс Засгийн газрын тогтоолын дагуу төрөөс хариуцан төлсөн дүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т бараа, ажил үйлчилгээний тогтоосон ангиллаар ялгаж төлбөрийн баримт үйлдэнэ.

3.4.2.2.Харин илүү хэрэглэсэн төлбөрийн дүнг төлсөн хэсэгт нь хэрэглэгчид төлбөрийн баримтыг үйлдэж өгнө. Уг баримтыг үндэслэн хэрэглэгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн худалдан авалтын хасалтыг хийж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д  заасны дагуу үйл ажиллагааны зардлаар тайлагнана. 

3.4.2.3.Айл өрхүүдийн хувьд нийт хэрэглээг Цахим төлбөрийн баримтын системд эцсийн хэрэглэгч /1000000/-ийн дугаараар нэхэмжлэх үүсгэнэ. Үүссэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс Засгийн газрын тогтоолын дагуу төрөөс хариуцан төлсөн дүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажил, үйлчилгээний тогтоосон ангиллаар ялгаж төлбөрийн баримт үйлдэнэ.

3.4.2.4.Илүү хэрэглэсэн төлбөрөө төлсөн дүнд төлбөрийн баримт үүсгэх бөгөөд уг төлбөрийн баримтаар тухайн иргэн сугалааны тохирлоор урамшуулалд хамрагдах, 20 хүртэл хувийн нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллыг буцаан олгоно.  

3.4.2.5.Харин төрөөс хариуцан төлсөн төлбөр хураамжийн дүнд 3.4.2.4-т заасан эрх үүсэхгүй, энэ тохиолдолд эцсийн хэрэглэгчид төлбөрийн баримт олгохгүй. 

3.4.2.6.Хог хаягдлын хураамжийн хувьд Цахим төлбөрийн баримтын системд сум, дүүргийн Засаг даргын тамгын газар нь эцсийн хэрэглэгч /1000000/-ийн дугаараар нэхэмжлэх үүсгэнэ. Үүссэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс Засгийн газрын тогтоолын дагуу төрөөс хариуцан төлсөн дүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т бараа, ажил, үйлчилгээний тогтоосон ангиллаар ялгаж төлбөрийн баримт үйлдэнэ.

3.4.2.7.Хог хаягдлын үйл ажиллагаа эрхлэгч нь сум, дүүргийн Засаг даргын тамгын газартай хийсэн гэрээний дагуу хуваарилагдах үйлчилгээний төлбөрийг Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу үйл ажиллагааны орлого, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан тайлагнана.

3.5.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьд:

3.5.1.Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолын 7 дугаар зүйлд заасны дагуу айл өрхийн болон аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр, энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн зардлыг цэвэр ашгаас тооцож, санхүүжүүлж байгаа учир тус зардлыг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулахгүй.

3.5.2.Дээрх санхүүжилт нь албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого болох үндсэн үйл ажиллагаатай холбоогүй, цэвэр ашгаас санхүүжүүлж байгаа тул нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хасалт хийхгүй. 

3.5.3.Санхүүжүүлж байгаа зардал нь 2021 оны албан татварын ногдуулалтыг бууруулахгүй.  

Татварын ерөнхий газрын дарга нь Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3-т заасан "зөвлөмж гаргах" эрхтэй бөгөөд мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д "...зөвлөмжийг татварын алба үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөх"-өөр заасан тул Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх /нэхэмжлэл, төлбөрийн баримт үйлдэх, албан татвар ногдуулах, төлөх тайлагнах/-тэй холбоотой энэхүү зөвлөмжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг мэдэгдье.







                                                                                                   ДАРГА Б.ЗАЯАБАЛ


:)