Татварын Ерөнхий Газар

Үнэ шилжилтийн тайлан ирүүлэх тухай .

Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу Үнэ шилжилтийн тайланг 4 ангилна.

                  1. Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлан

Хэн ?  Татвар төлөгчийн хяналтанд байгаа ажил гүйлгээ буюу харилцан хамааралтай этгээд хооронд ажил гүйлгээ хийсэн 

Хэрхэн ? Татвар төлөгч нь тайлангийн маягтаар болон харилцан хамааралтай этгээдийн татвар төлөгчийн бүртгэл болон тэдгээртэй тайлант хугацаанд хийсэн ажил гүйлгээний нэгтгэл, дэлгэрэнгүй мэдээллийг өссөн дүнгээр, хүснэгтэн хэлбэрээр гаргана.  

Хэзээ ? Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайланг жилийн эцсийн татварын тайлангийн хамт татварын албанд тушаана.

Үнэ шилжилтийн жилийн ажил гүйлгээний тайлан /ҮШТ-01/ гаргахад нэмэлт зөвлөмж хичээл


 

                   2. Дотоод үнэ шилжилтийн тайлан

Хэн ?  Өмнөх татварын жилд 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой;

Группийн нэгтгэсэн санхүүгийн тайланд үйл ажиллагаа нь тусгагддаг бөгөөд өмнөх татварын жилд нэгтгэсэн санхүүгийн тайлангаар тус групп нь 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой;

Гадаадын хөрөнгө оруулалттай;

Хэрхэн ?  Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 308 дугаар тушаалаар батлагдсан “Үнэ шилжилтийн тохируулга хийх хамгийн тохиромжтой аргыг сонгох, хэрэглэх журам”-ыг баримтлан тайланг бэлдэж мэдээллийг pdf, docx, xlsx форматаар файл хэлбэрээр хавсарган ирүүлнэ 

Хэзээ ?  Жилийн эцсийн татварын тайлангийн хамт татварын албанд тушаана. 

                       

                  3.Ерөнхий үнэ шилжилтийн тайлан

Хэн ?  Өмнөх татварын жилд 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой;

Группийн нэгтгэсэн санхүүгийн тайланд үйл ажиллагаа нь тусгагддаг бөгөөд өмнөх татварын жилд нэгтгэсэн санхүүгийн тайлангаар тус групп нь 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой;

Гадаадын хөрөнгө оруулалттай;

Хэрхэн?   Татварын ерөнхий хуулийн 38.6-д заасны дагуу тайлан бэлтгэж, мэдээллийг pdf, docx, xlsx форматаар файл хэлбэрээр хавсарган ирүүлнэ.

Хэзээ?  Жилийн эцсийн татварын тайлангийн хамт татварын албанд тушаана.


               4.  Улс бүрээр тайлан 

Хэн ? Монгол Улсад татварын зорилгоор байрладаг үндэстэн дамнасан группийн толгой этгээд;

Доор дурдсан нөхцөлийн аль нэгийг хангасан тохиолдолд татварын зорилгоор Монгол Улсад байрладаг үндэстэн дамнасан группийн толгой этгээд бус группийн оролцогч:

үндэстэн дамнасан группийн толгой этгээд нь татварын зорилгоор байрладаг улс, бүс нутгийн хуулийн дагуу улс бүрээр тайлан боловсруулах, тайлагнах үүрэг хүлээдэггүй;

үндэстэн дамнасан группийн толгой этгээдийн татварын зорилгоор байрладаг улс, бүс нутаг нь Монгол Улстай олон улсын татварын хэлэлцээр байгуулсан боловч ТЕХ-ийн 27.2-т заасан хугацаанд эрх бүхий этгээд хоорондын хэлэлцээр байгуулагдаагүй;

үндэстэн дамнасан группийн толгой этгээдийн татварын зорилгоор байрладаг улс, бүс нутагт системийн саатал гарсныг харьяалах татварын алба Монгол Улсад байрладаг үндэстэн дамнасан группийн оролцогч этгээдэд мэдэгдсэн.

ААНОАТ-ийн тухай хуулийн 27.2.2-т зааснаар хоёр ба түүнээс дээш үндэстэн дамнасан группийн оролцогч улс бүрээр тайлан гаргах үүрэг хүлээх тохиолдолд тэдгээрийн харьяалагдах үндэстэн дамнасан группийн толгой этгээд аль нэг этгээдийг тайлагнагч этгээдээр сонгож болох бөгөөд сонгогдсон тохиолдолд тухайн сонгогдсон оролцогч этгээд.

Хэзээ ? Улс бүрээр тайланг үндэстэн дамнасан группийн санхүүгийн жилийн сүүлийн өдрөөс хойш 12 сарын хугацаанд багтаан хүргүүлнэ:



Хуулийн хариуцлага

Зөрчлийн тухай хууль 11 дүгээр зүйл 11.19-т

1.Харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээтэй холбоотой үнэ шилжилтийн тайланг татварын албанд хугацаанд нь гаргаагүй бол татварыг нөхөн төлүүлж:

11.1.улс бүрээр тайлангийн хувьд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээ бол нийт дүнгийн 4 хувь;

11.2.ерөнхий үнэ шилжилтийн тайлан, эсхүл дотоод үнэ шилжилтийн тайлангийн хувьд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний нийт дүнгийн 3 хувь;

11.3.үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн хувьд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний нийт дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


:)