- Нүүр хуудас »
- Үйлчилгээ »
- Татвар төлөгчөөр бүртгүүлэх »
- Аж ахуйн нэгж, байгууллага
Аж ахуйн нэгж, байгууллага
Хуулийн этгээдийг татвар төлөгчөөр бүртгэх
3.1 Шинээр байгуулагдсан хуулийн этгээд нь бүртгэх байгууллагаас гэрчилгээ авснаас хойш ажлын 14 өдрийн дотор харъяалагдах татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэх ба татварын алба хувийн хэрэг нээн, татвар төлөгчийн гэрчилгээг гардуулж өгнө.
3.2 Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэн тухай мэдээллийг Татварын Ерөнхий Газрын Мэдээллийн технологи статистикийн хэлтэст 24 цагийн дотор цахим хэлбэрээр хүлээн авч, энэхүү журмын 7 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу татварын албаны харьяаллыг тогтоон, харъяалах татварын албадын бүртгэлийн баазад цахим хэлбэрээр оруулна.
3.3 Бүртгэх байгууллагаас бичгээр болон цахим мэдээлэл хүлээн авах харилцааг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журмаар зохицуулна.
3.4 Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь байгуулагдсанаас хойш ажлын 14 өдрийн дотор харьяалагдах нутаг дэвсгэрийн татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэх ба татварын алба хувийн хэрэг нээн, татвар төлөгчийн гэрчилгээг гардуулж өгнө.
3.5 Бүртгэлийн мэдээлэл нь татвар төлөгчийн бүртгэлийн баазад шинээр орсон этгээд нь “хүлээгдэж байгаа” гэсэн бүртгэлтэй байх ба Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу татварын албанд ирж бүртгүүлсэн өдрөөс эхлэн “байнгын” гэсэн бүртгэлд шилжин бүртгэгдэнэ.
3.6 Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй татвар төлөгчдөд хуулиар хүлээсэн бүртгүүлэх үүргийн талаар татварын улсын байцаагч утсаар болон цахим захидлаар мэдэгдэнэ.
3.7 Өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэн хуулийн этгээдийг татвар төлөгчийн бүртгэлд бүртгэх, нэмэлт өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасах харилцааг Монгол улсын “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 21, 22 дугаар зүйлд заасан журмын дагуу зохицуулна.
3.8 “Татвар төлөгчийн гэрчилгээ” авсан өдрөөс эхлэн аж ахуйн нэгж нь хувь хүний орлогын албан татвар суутган төлөгч болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгчөөр, байгууллага нь суутган төлөгчөөр тус тус бүртгэгдэнэ. Бусад татварын хувьд тухайн төрлийн татварын хуулиар татвар төлөгч болсон өдрөөс эхлэн татвар төлөгчийн бүртгэлд бүртгэгдэнэ.
3.9 “Татвар төлөгчийн гэрчилгээ”-ний загварыг Татварын ерөнхий газар батална.
English