- Нүүр хуудас »
- Татварын алба »
- Хөтөлбөрүүд »
- Шинэчлэл, ил тодын хөтөлбөр
Шинэчлэл, ил тодын хөтөлбөр
ТАТВАРЫН АЛБАНЫ ШИНЭЧЛЭЛ, ИЛ ТОДЫН ХӨТӨЛБӨР
Нэг: Хөтөлбөрийн зорилго
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт татварын асуудлаар тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, улс орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд татварын албад үйл ажиллагаандаа нээлттэй, ил тод, түргэн шуурхай, байдлыг нэвтрүүлж шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд энэ хөтөлбөрийн үндсэн зорилго оршино.
Хоёр: Нийтлэг үндэслэл
Татварын албаны үйл ажиллагаа, үйлчилгээний талаар татвар төлөгчдийн дунд явуулсан судалгааны дүнгээс үзэхэд татварын албанаас үзүүлж буй үйлчилгээнд сэтгэл ханамжгүй, хүнд суртал чирэгдэл ихтэй, үйл ажиллагаа нь олон түмэнд нээлттэй биш, тодорхой түвшинд авилга байна гэж үнэлсэн нь Татварын албаны үйл ажиллагааг шинэчлэн ил тод нээлттэй, боловсронгуй болгохын төлөө зохих ажлыг зохион байгуулж, татварын үйлчилгээг шинэ шатанд гаргаж, татвар төлөгчидтэй хамтран ажиллах “Шинэчлэл ил тодын хөтөлбөр”-ийг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Гурав: Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
3.1 Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд уялдуулан зохион байгуулан хэрэгжилтэнд хяналт тавих, тайлагнах, үүргийг ТЕГ хүлээнэ.
3.2 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор орон тооны бус зөвлөл байгуулан ажиллуулж болно. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох болон үйл ажиллагааг нь зохицуулсан журмыг Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батална.
3.3 Орон нутагт хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохицуулах, хяналт тавьж тайлагнах үүргийг бүх шатны Татварын албадын дарга нар хариуцан зохион байгуулна.
3.4 Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд байгууллага, аж ахуйн нэгж дараахь байдлаар оролцоно.
А/ Төр, иргэн, ТББ, ААН байгууллагаас хөтөлбөрийн асуудлаар ирүүлсэн санал санаачлагыг судалж тэдэнтэй хамтран ажиллах
Б/ Хөтөлбөрийн асуудлаархи хурал, зөвлөгөөнд татвар төлөгч иргэн, нийгмийн төлөөлөлийг оролцуулж байх
В/ Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, олон нийтийг мэдээлэлээр хангаж ажиллах
Г/ Хөтөлбөрийн холбогдох асуудлаар төсөл боловсруулж төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын хандивлагч байгууллагад хандах
Д/ Хөтөлбөрийн асуудлаар татвар төлөгчийг санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх нөхцөлийг хангах зорилгоор орон нутаг бүсийн хэмжээний хурал зөвлөгөөн сургалтанд оролцуулж байх.
Е/ Өсвөр үе залуучуудаас зохион байгуулж байгаа ил тод шударга байдлын чиглэлээрх арга хэмжээг дэмжиж туслах
Ж/ Хөтөлбөрийн талаар баримталж байгаа Татварын албаны арга хэмжээг ил тодоор сурталчилах нөхцөлийг хангахад хэвлэл мэдээллийн байгууллагыг татан оролцуулах
З/ Хөтөлбөрийн онцлог тулгамдсан асуудлыг судлан, хэрэгцээ шаардлагыг тодорхойлон хөтөлбөрийн талаархи мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг сургалт, судалгаа эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх
И/ Хөтөлбөрийн асуудлаар эрдэм шинжилгээний ажлыг дэс дараалалтайгаар зохион байгуулах
К/ Ил тод, шударга үйлчилгээний чиглэлээр хийгдсэн эрдэмтэн, судлаачид, оюутны судалгаа шинжилгээний ажлыг Татварын байгууллагад сурталчилах,таниулах
Л/ Шаардлагатай судалгааг тодорхой төлбөртэйгээр захиалгын үндсэн дээр шилжүүлэн авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
Дөрөв: Хөтөлбөрийн хүрэх үр дүн, зарчим, санхүүжилт
4.1. Шинэчлэл ил тодын хөтөлбөрийг 2009-2012 он хүртэл 2 үе шаттай хэрэгжүүлнэ.
1-р үе шат-2009-2010 он
2-р үе шат-2011-2012 он
Хөтөлбөрийн үе шат бүрийн төгсгөлд үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулж болно.
4.2. Хүрэх үр дүн: Нэгдүгээр үе шат / 2009-2010 он /
4.2.1 Татварын албаны үйлчилгээнд хүнд суртал чирэгдэл, ашиг сонирхолын зөрчлийг бий болгож буй ажлын байр, албан тушаалтан, чиг үүргийг судлах, Татварын албаны бүтэц зохион байгуулалт дахь сул тал дутагдлыг илрүүлэх, түүнийг засаж боловсронгуй болгох хяналт шалгалтын байцаагчийн үйл ажиллагааг электрон байдлаар бүртгэлжүүлэх, хяналт шалгалтын үйл ажиллагаанд дотоод хяналтын механизмыг бий болгох
4.2.2. Татвар төлөгч аль нэг татварын байцаагчаас хараат байх нөхцөлийг арилгах үүднээс нэг цэгээр үйлчилгээ үзүүлж хэвшсэн байх
4.2.3. Татвар төлөгч нь өөрийн байгаа газраасаа электрон сүлжээ ашиглан татварын байгуулагатай харилцах боломжийг бүрдүүлэх
4.2.4. Татвар төлөгчөөс Татварын албаны үйл ажиллагааг сайжруулах талаар тогтмол хугацаанд судалгаа авч үнэлгээ хийж ажиллах
4.2.5. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлсэнээр Татварын алба нь иргэдэд хөнгөн шуурхай нээлттэй, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлдэг, энэхүү үйлчилгээг хэрэгжүүлж буй байдалд нь татвар төлөгчид үнэлгээ дүгнэлт өгч сайжруулах талаар саналаа илэрхийлдэг болсон байх
4.2.6. Татварын алба болон татвар төлөгчдийн хоорондын хамтын ажиллагаа сайжирч Татварын алба нь татвар төлөгчдийн найдвартай түнш болсон байх
4.2.7. Татвар төлөгчдийн дунд татварын албаны нэр хүнд дээшилж, татварын байгууллага нь нээлттэй, ил тод шударга үйлчилгээтэй гэсэн үнэлгээ, үзэл, бодол төлөвшсөн байх.
4.3. Хоёрдугаар үе шат /2011-2012 он/
4.3.1. Эхний үед хэрэгжүүлсэн ажлын ололт, амжилтыг бататгах, цаашид гүнзгийрүүлэн хөтөлбөрийн хэрэгжилтэнд байнгын хяналт, шинжилгээ үнэлгээ хийж хөтөлбөрийг сайжруулах, боловсронгуй болгосон байх.
4.3.2. татварын багц болон бусад холбогдох хуулийн хэрэгжилт сайжирч татварын байгууллага, тэдний албан хаагчдад итгэх татвар төлөгчдийн тоо эрс нэмэгдсэн байх;
4.3.3. мэдээллийн технологид суурилсан татварын үйлчилгээг хэвшүүлэх, эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлэх;
4.3.4 татварын албаны мэдээллийн технологийг бүхий л талаар хөгжүүлж, татварын нэгдсэн программ /COTS систем/ нэвтрүүлсэн байх.
4.4. Зарчим Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
4.4.1. Мэдлэг, ур чадварт тулгуурласан мэргэшсэн тогтвортой боловсон хүчин бэлтгэх.
4.4.2. Ажлын бүтээмжээс хамаарч, гүйцэтгэлд суурилсан шударга урамшууллын тогтолцоог бүрдүүлэх.
4.4.3. Өдөр тутмын ажилдаа зөв харилцаа-зөв ногдуулалт-зөв хураалт гэсэн зарчим баримтлах.
4.4.4. Олон нийтэд нээлттэй, ил тод, хүнд суртал авилгаас ангид татварын алба болох.
4.4.5. Татвар төлөгчдийг дэмжин хамтарч ажиллах.
4.5. Хөтөлбөрийн санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
4.5.1. Улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө
4.5.2. Олон улсын байгууллага, хандивлагч байгууллагын хандив
4.5.3. Гадаад, дотоодын болон төрийн бус байгууллагуудын хандив тусламж
4.5.4. Бусад
Тав: Хөтөлбөрийн шинэчлэлийн үйл ажиллагааны чиглэл
5.1.Татварын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр
а/ Татварын эрх зүйн харилцааны зохицуулалтыг сайжруулж, Татварын ерөнхий хууль болон холбогдох бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах талаар дээд шатны байгууллагуудад санал тавих, нийтээр дагаж мөрдөх эрхийн актыг гаргах замаар татварын албаны үйл ажиллагааг түргэн шуурхай хүнд сурталгүй, ил тод нээлттэй, тунгалаг болгож эрх зүйн орчинг сайжруулах.
б/ Татвар төлөгчдөд утсаар зөвлөгөө өгөх эрх зүйн орчин бүрдүүлж, үйл ажиллагааг нь журамлах.
в/ Нэг цэгээс үйлчилгээ үзүүлэх асуудлыг улам боловсронгуй болгож, үйл ажиллагааг нь журамлах.
/ Татварын албаны хууль бус үйл ажиллагааны тухай мэдээлэл авах, үндэслэл баримт нотолгоо сайтай мэдээлэл өгсөн иргэд, хэвлэл мэдээллийн алба, сэтгүүлчдийг урамшуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх.
д/ Ашиг сонирхлын зөрчил гаргах магадлалтай албан тушаалд татварын улсын байцаагчдыг томилох, сэлгэн ажиллуулах тусгай журам гарган хэрэгжүүлэх.
5.2.Татварын албаны үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, шударга, хүнд суртал чирэгдэлгүй, татвар төлөгчдийн итгэлийг нэмэгдүүлж, тэдэнтэй сайн түншийн харилцааг тогтоох чиглэлээр:
а/ Татварын бүх шатны байгууллагын үйл ажиллагааг стандартчилах.
б/ Хүнд суртлыг багасгах, шат дамжлага зэрэгцэж давхацсан үйл ажиллагааг цөөрүүлэх, чиг үүргийн хуваарилалтыг зохистой, зардал багатай тогтолцоог бүрдүүлэх.
в/ Татварын байгууллагуудын албан тушаалтнуудын хүнд суртлын улмаас эрх нь зөрчигдсөн татвар төлөгчдийн хөндөгдсөн эрх, эрх чөлөөг сэргээх, хохирлыг бодитойгоор нөхөн барагдуулдаг тогтолцоог бүрдүүлэх.
г/ Татварын албаны зүгээс тохиолддог элдэв саад бэрхшээл, хүнд суртал авлигыг таслан зогсоохын тулд тэдгээрийн дотоод, гадаад хүчин зүйлийг олж тогтоон зөрчлийг арилгах арга хэмжээ авах.
д/ Татварын үйл ажиллагааны шат дамжлагыг багасган татвар төлөгчидөд зориулсан нэг цэгийн үйлчилгээг тогтмолжуулж, цахим тайлангийн систем, утсаар зөвлөгөө өгөх төвийн үйлчилгээг өргөжүүлэх.
е/ Татварын программ хангамжийн найдвартай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, мэдээллийн технологит суурилсан татварын эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлнэ.
5.3.Татварын байгууллагын дотоод хяналт, албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, авилгаас ангид байлгах арга хэмжээ авах чиглэлээр:
а/ Татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг шинээр баталж, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавьж, ёс зүйн зөрчлийг тухай бүр шалгаж, үр дүнг нийтэд ил тод мэдээлж, ёс зүйгээ ноцтой зөрчсөн төрийн албан хаагч өөрөө албан тушаалаасаа огцордог жишиг тогтоох.
б/ Авилгатай тэмцэх талаар татварын албаны бүх шатны байгууллага, авилгын хуульд заасан нийтлэг үүргээ чанд биелүүлдэг болох, эс биелүүлсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг болж хэвшүүлэх.
в/ Төрийн албанд хүнийг томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх боломж, нөхцөл байгаа эсэхийг гол үзүүлэлт болгох.Томилон ажиллуулсан албан хаагчийг ашиг, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх.
г/ Албан тушаалтан нь гүйцэтгэх чиг үүрэгтэйгээ шууд холбогдож ашиг сонирхлын зөрчил үүсгэж болох ажил үүргээс татгалздаг байх.
д/ Татварын улсын байцаагчийн ёс зүйд хяналт тавих үүрэг бүхий нэр хүндтэй иргэдээс бүрдсэн хөндлөнгийн хараат бус хяналтын тогтоцоог шинээр бий болгох.
е/ Иргэний нийгмийн зүгээс татварын албаны ажлын талаар сонирхсон асуудлаар мэдээлэл авах бололцоог нэмэгдүүлэх.
ж/ Татварын байгууллагын үйл ажиллагаан дахь хүнд суртал чирэгдэл, авилга үүсгэдэг шатгааныг судалж илрүүлэх, арилгахад иргэдийн хяналт оролцоог идэвхжүүлэх.
з/ Ёс зүйн хорооны бие даасан хараат бус байдлыг баталгаажуулж, тэдгээрийн шударга байдал, чадвахийг сайжруулах.
5.4.Татвар төлөгч аж ахуйн нэгж иргэдийн татварын боловсролыг дээшлүүлж, хууль тогтоомжийг сурталчлах чиглэлээр:
а/ Татварын боловсролыг чиглэлийн яамтай хамтран их, дээд, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусган татвар төлөх ухамсрыг төлөвшүүлэх.
б/ Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, вэб сайтаар дамжуулан татварын хууль тогтоомжийг тусгай хуваариар хүргүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах.
в/ Татварын хууль тогтоомж, татварын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, татварын албанд хэвлэл мэдээллийн төв байгуулан ажиллуулах.
г/ Нээлттэй хэлэлцүүлэг, ярилцлага, уулзалт зохион байгуулж, олон нийтийг өргөнөөр хамруулах.
д/ Сурталчилгааны гарын авлага материал гаргаж түгээх.
5.5.Татварын албан хаагчдыг сургаж, мэргэшүүлэн чадвхижуулах чиглэлээр:
а/ Татварын ерөнхий газрын Сургалт, судалгааны төвийн үйл ажиллагааг боловсронгуй болгож, материаллаг баазыг бэхжүүлэх арга хэмжээ авах.
б/ Татварын албан хаагчдын сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх. Дотоодын тасралтгүй сургалтыг тусгай хөтөлбөрөөр зохион байгуулах.
в/ Гадаад орнуудын сургалтын туршлагаас судлуулах ажлыг системтэй зохион байгуулж өргөжүүлэх.
5.6.Татвар төлөгчдийн бааз суурийг өргөжүүлэн бүртгэлийг сайжруулах чиглэлээр:
а/ Татвар төлөгчдиййн бүртгэлийг сайжруулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажиллах.
б/ Татварын албаны цахим мэдээллийн санд татвар төлөгчийг бүрэн хамруулах.
в/ Татварын албадад ажиллаж байгаа татварын улсын байцаагч бүр өөрийн хариуцсан аж ахуй нэгж иргэний бүртгэлийг сайжруулах, татварт бүрэн хамруулж тэдэнтэй хариуцлага тооцдог механизмыг тууштай хэрэгжүүлэх.
г/ Орлого нуух, татвар төлөхөөс зайлс хийгчидтэй хийх тэмцлийг хүчтэй болгож, илэрсэн зөрчлийг цаг алдалгүй шийдвэрлэхэд бэлэн бус төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх, татварын орчинг ил тод болгон шударга зарчмаар улсын төсвийн татварын орлогын бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх.
5.7.Татварын албаны үйл ажиллагааны маркетингийн бодлогын чиглэлээр:
а/ Татварын албаны үйл ажиллагааны маркетингийн бодлогыг боловсруулж, батлуулж мөрдөх.
б/ Татварын Ерөнхий газрын дэргэд хэвлэл мэдээлэл, сурталчилгааны студи байгуулан ажиллуулах
в/ Татварын хууль тогтоомжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчилж байх
г/ Татварын үйл ажиллагааны талаархи судалгааны үр дүнг татварын албаны /www.mta.mn/ вэб сайтад байршуулах.
д/ Татвар төлөгчдийн санал,хүсэлтийг хүлээн авах утсаар зөвлөгөө өгөх төвийн үйл ажиллагааг боловсронгуй болгох
е/ Татвар төлөгчдийн мэйл хаяг руу татварын талаархи мэдээ мэдээлэл, судалгааг илгээх ажлыг зохион байгуулах
ж/ Татварын байцаагчдын дунд соёлтой боловсон харьцаа инээмсэглэл аяныг зохион байгуулж байх
з/ Татварын тухай чөлөөт цуврал нэвтрүүлгийг зохион байгуулах
5.8.Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ
Хөтөлбөрийн хэрэгжилтэнд дараахь үзүүлэлтийг үндэслэн хяналт шинжилгээ хийнэ.
I. Статистик мэдээлэл
1. Татварын албаны шинэчлэл ил тодын чиглэлийн хүрээнд холбогдох үзүүлэлтээр статистик мэдээ гаргаж байх.
II. Судалгаа
1. Татварын алба дахь ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй байдал
2. Татварын алба дахь ажил үүргийн нээлттэй, ил тод тунгалаг байдлын судалгаа
3. Татварын албаны нэр хүнд болон түүнд итгэх татвар төлөгчдийн итгэлийн байдлыг үзүүлсэн судалгаа
4. Шаардлагатай бусад судалгаа
III. Хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан
1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг улирал бүрийн дараа сарын 5-ны дотор Төрийн захиргаа удирдлагын газар ирүүлнэ. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газар гүйцэтгэнэ.
------оОо------
English