Үндэсний Татварын Албаны 2012 оны зорилт:: "Татварын төлөвлөлт, ногдуулалт, хураалтыг боловсронгуй болгох "

Авлигатай тэмцэх хөтөлбөр

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБАНЫ ХЭМЖЭЭНД АВИЛГА, ХЭЭЛ ХАХУУЛЬТАЙ ТЭМЦЭХ ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Эдийн засгийн шудрага бус орчныг бий болгож, тэгш байдлыг алдагдуулагч нийгэм дэх хууль бус сөрөг үзэгдэл болох авлига, хээл хахууль нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг сааруулж, эрх зүйт төрийг хүчгүйдүүлж, улмаар үндэсний аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнолд аюул занал учруулагч нийгмийн хорт үр дагавартай тул түүний эсрэг улс орнууд, олон улсын байгууллагууд идэвхтэй тэмцэл өрнүүлсээр байна.

2. Авлигатай тэмцэх, түүний нийгмийн хор аюулыг олон түмэнд ойлгуулах, авлигыг үл тэвчих үзлийг нийгэмд төлөвшүүлэхэд төрийн байгууллагууд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэдийн идэвхтэй оролцоо, тэдний дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай юм.

3. Төрийн бүх байгууллага, олон нийт, иргэдийн хүчийг нэгтгэн авлигын эсрэг тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх стратегийн ач холбогдолтой бодлого боловсруулан хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

4. “Trancparency international” олон улсын байгууллагын 2007 оны судалгаагаар Монгол улс авилга ихтэй улс орнуудын жагсаалтад орсон хэвээр байгаа бөгөөд манай улсын төрийн байгууллагуудаас хамгийн их авлигад автсан нь газар ашиглалт, гааль, уул уурхай, шүүх, прокурор, цагдаа, бүртгэл зөвшөөрөл, өмгөөлөгч, эрүүл мэндийн байгууллага гэж нэрлэсэн байна. Хэдийгээр хамгийн их авилгад автсан төрийн байгууллагуудын жагсаалтад татварын алба орохгүй байгаа боловч авилгад өртөмтгий байгууллагуудын жагсаалтад орсон нь цаашид авилгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг идэвхитэй явуулах шаардлагатайг харуулж байна.

5. “Үндэсний татварын албаны үйл ажиллагаа нь нийтэд ил тод, нээлттэй, цэвэр тунгалаг байх нь авлигагүй Татварын алба оршин байх үндсэн зүй тогтол мөн ” гэсэн үзэл санааны дагуу авилгатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг Үндэсний татварын албаны хэмжээнд “Авилгачийн орон зай бидний дунд байх ёсгүй” гэсэн уриатайгаар төрийн бусад байгууллагуудыг уриалан хөтөлбөр боловсруулж эхлүүлж байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, хугацаа, хүрэх үр дүн, зарчим, санхүүжилт

2.1. Үндэсний татварын албаны хэмжээнд авлига, хээл хахуультай тэмцэх хөтөлбөр цаашид Авилгатай тэмцэх хөтөлбөр гэх/-ийн зорилго нь Татварын албаны үйл ажиллагаанд авлига үүсэхэд нөлөөлдөг шалтгаан, нөхцөлийг илрүүлэн арилгах, түүний нийгмийн хор аюулыг татвар төлөгч болон татварын улсын байцаагч нарт ойлгуулах, төр, засаг, иргэний нийгэм, татвар төлөгчдийн идэвхтэй оролцоо, хамтын ажиллагааны хүчээр авлигыг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд оршино.

2.2. Үндэсний хөтөлбөрийг 2008-2014 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ:

Нэгдүгээр үе шат: 2008-2011 он

Хоёрдугаар үе шат: 2011-2014 он

Хөтөлбөрийн үе шат бүрийн төгсгөлд үр дүнгийн үнэлгээ хийж, шаардлагатай бол хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

2.3. Хүрэх үр дүн

2.3.1. Нэгдүгээр үе шат: / 2008-2011он/:

а/ авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, татварын алба дахь хүнд суртал болон ашиг сонирхлын зөрчлийг бий болгож буй ажлын байр, чиг үүргийг судлах, татварын албаны бүтэц, зохион байгуулалт дахь дээрх эрсдэлд оруулж буй сул тал, дутагдлыг илрүүлэх, түүнийг засч боловсронгуй болгох, татварын хяналт шалгалтын улсын байцаагчдын өдөр тутмын үйл ажиллагааг электрон байдлаар бүртгэлжүүлэх, түүнд тавих дотоод хяналтын механизмыг бий болгох, нэг цэгээр үйлчилгээ үзүүлэх замаар татвар төлөгч нь аль нэг татварын байцаагчаас хараат байх нөхцлийг арилгах, цахим хэлбэрээр татвар төлөгч нь өөрийн албан байгууллагаас интернет сүлжээ ашиглан татварын албатай харьцах боломжийг эрс нэмэгдүүлэх, татвар төлөгчөөс татварын албаны үйл ажиллагааг сайжруулах, нөгөө талаар байнгын судалгаа авч, үнэлгээ хийж ажиллах Ингэснээр татварын алба үйлчилгээ үзүүлдэг, энэхүү үйлчилгээг хэрэглэж буй татвар төлөгчид нь түүнд үнэлгээ, дүгнэлт өгч, сайжруулах талаар саналаа илэрхийлдэг байх, үүний үр дүнд татварын алба болон татвар төлөгчдийн хоорондын хамтын ажиллагаа сайжирч эргэх холбоогоор холбогдсон байнгын амьд холбоог бий болгож ажилладаг болсон байх;

б/ авлигатай тэмцэх хөтөлбөр, төлөвлөгөө, ажлын бааз суурь тавигдаж, тэдгээрийг санхүүжүүлэх төслийн болон олон улсын байгууллагын тусламж, дэмжлэгийн эх үүсвэр тодорхой болж, үйл ажиллагаа нь жигдэрсэн байх;

в/ Татварын байгууллагуудын шинэтгэлийн үйл явц авлигагүй нийгмийг цогцлоох зорилгод чиглэсэн, үйл ажиллагаа нь ил тод нээлттэй, тунгалаг байх бодлого хэрэгжүүлдэг, түүний ажилтнууд хүсэл зориг, бүх хүч, хэрэгслээ нэгтгэн авилга, хээл хахуультай тууштай тэмцэх уур амьсгал төлөвшиж эхэлсэн байх;

г/ Татвар төлөгчдийн дунд татварын албаны нэр хүнд дээшилсэн, түүнийг нээлттэй, ил тод, тунгалаг байгууллага гэсэн үнэлгээ, үзэл бодол төлөвшсөн байх

2.3.2. Хоёрдугаар үе шат: Хэтийн үр дүн /2011-2014 он/

а/ авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтийн хүчийг төвлөрүүлэх талаар эхний шатны ажлын ололтыг бататгах, цаашид гүнзгийрүүлэх, авилгатай тэмцэх хөтөлбөрийн үр ашигтай байдалд байнгын хяналт шинжилгээ, үнэлгээ хийгдэж, хөтөлбөрийг сайжруулж, боловсронгуй болгож байх

б/ татварын байцаагчид болон татвар төлөгчдийн дунд авилга хээл хахуульд холбогдох нь ихээхэн эрсдэл дагуулдаг, энэ нь цаашдаа заавал илэрч, холбогдох хуулийн хариуцлага хүлээдэг тул хувь хүн, байгууллагад ашиггүй, харин аюултай, хор хохиролтой гэсэн үзэл, нийгмийн хандлага төлөвшиж бий болсон байх;

в/ авлигыг үл тэвчих нийгмийн баазад суурилсан иргэд, олон нийтийн идэвх оролцоо нэмэгдэхийн хэрээр татварын улсын байцаагчдаас ёс зүйн зөрчил болон авилгын, эрүүгийн бусад гэмт хэрэгт холбогдох явдал гарахгүй болсон байх;

г/ хуулийн хэрэгжилт сайжирч Татварын албаны үйл ажиллагаанд өгдөг үнэлгээ, нэр хүнд өсч, түүнд итгэх татвар төлөгчдийн итгэл нэмэгдсэн байна.

2.4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:

2.4.1. Захирах, захирагдах ёс

2.4.2. Ил тод байх

2.4.3.Ард түмэнд үйлчлэх

2.4.4.Иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох

2.4.5.Төрийн алба мэргэшсэн тогтвортой байх

2.4.6.Төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах

2.4.7. Хууль тогтоомжийн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах

2.4.8. Хууль дээдлэх

2.5. Хөтөлбөрийн санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

2.5.1. улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө;

2.5.2. олон улсын байгууллага, хандивлагч орны тусламж, хандив;

2.5.3.гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;

2.5.4. бусад эх үүсвэр.

Гурав. Хөтөлбөрийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл

3.1. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхэд дор дурдсан зорилтыг шийдвэрлэнэ:

3.1.1. Авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, цаашид боловсронгуй болгох талаар санал, төслийг дээд байгууллагуудад тухай бүр уламжилж, шийдвэрлүүлэх, энэ нь Үндэсний татварын албаны технологи процесс ажиллагааг зохицуулсан татварын хууль тогтоомжуудийг энгийн ойлгомжтой боловсронгуй болгох, хүнд суртал, татвар төлөгчдөд учруулж буй чирэгдлийг арилгах, Үндэсний татварын алба нээлттэй, ил тод тунгалаг байх чиглэлд хуульд өөрчлөлт оруулах санал, төслийг бэлтгэж, Сангийн яаманд хүргүүлэх;

3.1.2. Татварын бүх шатны байгууллагын үйл ажиллагаанд хаана, хэрхэн, ямар байдлаар ашиг сонирхлын зөрчил үүсэж болох нөхцөл байдлыг судлан тогтоох, түүнээс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зорилгоор ажлын байрны чиг үүрэг, тодорхойлолтыг бий болгох, дотоод хяналтын тогтолцоог, сайжруулж үйл ажиллагааг бүртгэлжүүлэх асуудлыг цэгцтэй хяналттай болгох, татварын албаны үйл ажиллагаа ил тод, нийтийн хяналтад нээлттэйгээр үйл ажиллагаагаа явуулах талаар нийтээр дагаж мөрдөх журам, заавар, аргачлал гаргах байдлаар эрх зүйн орчин, нөхцлийг бүрдүүлж ажиллах;

3.1.3. Авилга, хээл хахуулиас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, түүнийг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх талаар сургалтын хөтөлбөрийг болон, ном, гарын авлага материал бий болгох, татварын байцаагчдын дунд сургалт явуулах, татвар төлөгч байгууллага, иргэдийн дунд соён гэгээрүүлэх ажлыг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, Татварын албаны веб хуудас, интернет сүлжээг өргөн ашиглаж явуулах ;

3.1.4. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төрийн бусад байгууллагууд, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхний идэвхтэй оролцоо, хамтын ажиллагааг хангах, Авлигын эсрэг хуульд заасан нийтлэг үүргээ хэрэгжүүлэх, биелүүлэх бүх талын бололцоо нөхцлөөр ханган идэвхтэй хамтран ажиллах;

3.1.5. Олон улсын байгууллага, гадаад орнуудын авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаарх сайн туршлагыг судлах, энэ чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэх;

3.1.6. Гадаадын болон дотоодын эрдэмтдийн бүтээл, судалгаа, зөвлөмжийг үйл ажиллагаандаа ашиглах, тэднийг хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулах

3.2. Дор дурьдсан үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлнэ.

3.2.1. Авлигаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр:

а/ Авлигын эсрэг хууль зүйн цогц орчин бүрдүүлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд Төрийн албаны тухай хууль, Татварын ерөнхий хууль, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх, Иргэний, Захиргааны хариуцлагын тухай болон холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар дээд шатны байгууллагуудад санал тавих, нийтээр дагаж мөрдөх эрхийн актыг гаргах замаар татварын албаны үйл ажиллагааг түргэн шуурхай, хүнд сурталгүй, ил тод, нээлттэй, тунгалаг болгож эрх зүйн орчин сайжруулах, Үүнд:

- Татвар төлөгчдөд утсаар зөвлөгөө өгөх эрх зүйн орчин бүрдүүлж, үйл ажиллагааг нь журамлах

- Нэг цэгээс үйлчилгээ үзүүлэх асуудлыг улам боловсронгуй болгож, үйл ажиллагааг нь журамлах

- Татвар төлөгчийн зүгээс өөрийн ажлын байрнаас цахим хэлбэрээр татварын тайлангаа интернет сүлжээ ашиглаж гаргах боломжийг эрс нэмэгдүүлэх, татвар төлөгчөөс татварын албатай харьцахад үүсч буй хараат байдлыг бууруулах арга хэмжээг авах

- хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах, тайлагнах асуудлыг татварын албаны хэмжээнд журамлаж, түүнээс зайлсхийх, буруу мэдээлэх тохиолдолд сахилгын, захиргааны хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндсийг бий болгох

- татварын байгууллагын албан тушаалтны хүнд суртал, чирэгдлийн улмаас татвар төлөгчдөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг журамлах,

- Татварын хяналт шалгалт хийж, гүйцэтгэж буй өдөр тутмын процесс ажиллагааг баримтжуулж, бүртгэх, түүнд хяналт тавих механизм, тогтолцоог бий болгож, журамлах

- Татвар төлөгчийн өрийн бүртгэлийн хөтлөлтийн байдалд хяналт тавих ажиллагааг журамлах

- Татварын албаны үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад үүсч буй ашиг сонирхлын зөрчлийг илрүүлж, тогтоож тэдгээрийн эсрэг журам, заавар батлан мөрдүүлэх;

- Татварын албаны хууль бус үйл ажиллагааны тухай мэдээлэл авах, үндэслэл, баримт нотолгоо сайтай мэдээлэл өгсөн иргэд, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг урамшуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх;

- Авлига үүсэхэд нөлөөлж байгаа шалтгаан, нөхцлийг татварын дээд, дунд, доод шатны байгууллага, албан тушаал бүрээр судлан дүгнэлт хийж, зөвлөмж өгч хэрэгжүүлэх;

- Ашиг сонирхлын зөрчил гарах магадлалтай албан тушаалд татварын улсын байцаагчдыг томилох, сэлгүүлэн ажилуулах тусгай журам гарган хэрэгжүүлэх;

- татварын байгууллагад дотоод хяналт, шалгалтыг сулруулснаас буюу удирдлагын алдаанаас шалтгаалж авлига гарсан тохиолдолд шууд удирддаг дарга нь ёс зүйн хариуцлага хүлээдэг журам тогтоох;

- авлигыг үл тэвчих үзлийг нийгэмд төлөвшүүлэхийн тулд иргэний нийгмийн болон судалгааны байгууллага, нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллаж иргэдэд авлигатай тэмцэх талаар сургалт, сурталчилгаа хийх ажлыг эрчимжүүлж, авлигын талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох, хүлээн авах, үнэлэх, хяналт тавих журам тогтоох;

3.2.2. Үндэсний татварын албаны бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр:

а/ Татварын албаны үйл ажиллагааг тунгалаг, нээлттэй, нийтэд ойлгомжтой байх боломжийг олгосон бүтэц, зохион байгуулалтыг бий болгох, ингэснээр нийтийн хяналтыг дээшлүүлэх

б/ Татварын албан дахь байцаагчдын өдөр тутмын үйл ажиллагааг бүртгэлжүүлж, цахим хэлбэрээр бүртгэх, ингэснээр дотоод хяналтын тогтолцоог сайжруулах

в/ Татварын бүх шатны байгууллагын үйл ажиллагааг стандартчлах, хүнд суртлыг багасгах, шат дамжлага, зэрэгцэж давхацсан үйл ажиллагааг цөөрүүлэх, чиг үүргийн хуваарилалтыг зохистой, зардал багатай, тогтолцоог боловсронгуй болгох;

г/ татварын байгууллагын үйл ажиллагаанд аливаа нэг албан тушаалтнаас хараат байдал, хүний хүчин зүйлийн оролцоог багасгах, аливаа мэдээлэл, зөвшөөрөл, хариуг орчин үеийн цахим технологиор дамжуулан өгч, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод явуулах тогтолцоог бүрдүүлэх;

д/ авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар олон улсын байгууллага, гадаад оронтой хамтын ажиллагаа тогтоож, үр ашигтай ажиллахад анхаарах

е/ Татварын албаны үйл ажиллагааг боловсронгуй болгох, хүнд суртлыг арилгах, авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд олон нийт, иргэний нийгмийнхний оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагын татварын албанд нөлөөлөх үүргийг тодорхой болгох, үр нөлөөтэй ажиллах хөшүүрэг бий болгох, тэдэнтэй идэвхтэй, үр дүнтэй ажиллах тогтолцоог бий болгох;

ж/ татварын байгууллагын албан тушаалтнуудын хүнд суртлын улмаас эрх нь зөрчигдсөн татвар төлөгчийн хөндөгдсөн эрх, эрх чөлөөг сэргээх, хохирлыг бодитойгоор нөхөн барагдуулдаг тогтолцоо бүрдүүлэх.

з/ хэвлэл, мэдээллийн байгууллага татварын байгууллагаас мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлж, хэвлэл, мэдээлэлд үнэн зөв мэдээлэл өгдөг тогтолцоо бий болгох;

л/ Авилга, хээл хахуулиас урьдчилан сэргийлэх ажлыг жил бүр төлөвлөгөөнд тусган нутаг дэвсгэрийн хэмжээнд тодорхой зорилт дэвшүүлэн ажиллах;

м/ Тухайн Татварын албанд авлигыг төрүүлэгч буюу өдөөгч хүчин зүйлээс урьдчилан сэргийлж байх;

3.2.3. Татварын байгууллагын дотоод хяналт, сахилга, дэг журмыг дээшлүүлэх чиглэлээр:

а/ Албадын удирдах албан тушаалтнууд, дотоод хяналтыг явуулах чиг үүрэгтэй ажилтнуудыг дотоод, гадаадын тусгай сургалтуудад хамруулж, тэдний мэдлэг, мэргэшил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулах;

б/ Татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг шинээр баталж, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавьж, ёс зүйн зөрчлийг тухай бүр шалгаж, үр дүнг нийтэд ил тод мэдээлж, ёс зүйгээ ноцтой зөрчсөн төрийн албан хаагч өөрөө албан тушаалаасаа огцордог жишиг тогтоох;

в/ Авлигатай тэмцэх талаар татварын албаны бүх шатны байгууллага авлигын хуульд заасан нийтлэг үүргээ чанд биелүүлдэг болох, эс биелүүлсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг болж хэвшүүлэх;

г/ төрийн албанд хүнийг томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх боломж нөхцөл байгаа эсэхийг гол үзүүлэлт болгох, томилон ажиллуулсан албан хаагчийг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх;

д/ албан тушаалтан нь гүйцэтгэх чиг үүрэгтэй шууд холбогдож ашиг сонирхлын зөрчил үүсгэж болох ажил үүргээс татгалздаг байх;

е/ татварын улсын байцаагчдын ёс зүйд хяналт тавих үүрэг бүхий нэр хүндтэй иргэдээс бүрдсэн хөндлөнгийн хараат бус хяналтын тогтолцоог шинээр бий болгох;

ж/ иргэний нийгмийн зүгээс Татварын албаны ажлын талаар сонирхсон асуудлаар мэдээлэл авах бололцоог нэмэгдүүлэх;

з/ Татварын байгууллагын үйл ажиллагаан дахь хүнд суртал, чирэгдэл, авлига үүсгэдэг шалтгааныг судалж илрүүлэх, арилгахад иргэдийн хяналт, оролцоог идэвхжүүлэх;

л/ Ёс зүйн хорооны бие даасан, хараат бус байдлыг баталгаажуулж, тэдгээрийн шударга байдал, чадавхийг сайжруулах;

3.2.4. Үйл ажиллагааны нээлттэй ил тод, байдлыг хангах чиглэлээр:

I.Үндэсний татварын ерөнхий газарт :

а/ татварын улсын байцаагч, хураагчийг хуульд заасан журмын дагуу мэргэжил, туршлага, мэргэшлийн ур чадвар, үнэнч шударга, зарчимч, хариуцлагатай чанарыг үндэслэн нээлттэй өрсөлдөөний зарчмаар сонгон шалгаруулж томилох, үйл ажиллагаа, ёс зүйд тогтмол хяналт тавьж, хариуцлага тооцох, тогтвор суурьшилтай ажиллуулах тогтолцоог төлөвшүүлэх

б/ иргэдээс татварын байгууллагуудад хандаж тавьсан хүсэлтийг шийдвэрлэх жишиг, журам тогтоож мөрдүүлэх;

в/ татварын албаны үйл ажиллагааг сурталчилж, түүний үйл ажиллагаа нь нийтэд ойлгомжтой болгосноор татвар төлөгчийн итгэлийг нэмэгдүүлж, нэр хүндийг дээшлүүлэх

II. Татварын албадууд:

а/ авлигын эсрэг хууль тогтоомжийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд иргэдэд өргөн сурталчилж, татварын албаны үйлчилгээг иргэд, байгууллага ил тод, чөлөөтэй авах нөхцөлийг хангах;

б/ татварын байгууллагаас гаргасан шийдвэр иргэд болон бусад сонирхогч талуудад ойлгомжтой, нээлттэй, шуурхай хүрч байх нөхцөлийг бий болгох;

в/ авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа явуулах, хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд гаргуулах, бүртгэх, хянах, зөвлөгөө өгөх асуудал хариуцан зохицуулах үүрэг бүхий тусгай албан тушаалтанг бүх шатны Татварын албадад ажиллуулах;

г/ авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг байгууллагын төсөвт жил тутам хүрэлцэх хэмжээгээр тусган тухай бүр санхүүжүүлж байх;

д/ иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах шат дамжлага, хүнд суртал, чирэгдлийг багасгах

3.2.5. Авилгатай тэмцэхэд эрдэмтдийн оролцоог дээшлүүлэх, олон улсын сайн туршлагыг судалж, нэвтрүүлэх

а/Манай орны нэртэй хуульч, судлаач, эрдэмтэдийн оролцоотойгоор Үндэсний татварын албаны үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд гарч болох ашиг сонирхлын зөрчил, энэ төрлийн эрсдлийн шинжилгээ, судалгааг хийх, Татварын албаны өнөөгийн хөгжил, цаг үед нийцсэн эрсдлийн менежментийг боловсруулах, хэрэгжүүлэх

б/ Авилга, хээл, хахуулиас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар гаргасан гадаад орнуудын болон олон улсын байгууллагуудын зөвлөмж, судалгааны материалтай танилцаж, тэдгээрийн сайн туршлагыг Үндэсний татварын албаны үйл ажиллагааны онцлогт тохируулан хэрэгжүүлэх,

в/ татварын улсын байцаагчдын дунд авлигын нийгмийн хор холбогдлыг ойлгуулах, авлигыг үл тэвчих үзэл санаа төлөвшүүлэх, авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тусгай сургалтууд зохион байгуулах;

г/ авилга, хээл хахуулиас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаарх олон улсын сайн үр дүнд хүрсэн туршлагаар сургалтын хөтөлбөр, ном гарын авлага гаргаж, нийтэд түгээх, интернет, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ашиглаж сургалт, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол хийдэг байх,

3.2.6. Авлигатай тэмцэхэд хэвлэл, мэдээллийн хэрэгслийн оролцооны чиглэлээр:

а/ авлигын нийгмийн хор уршгийг олон түмэнд ойлгуулах, түүний аливаа хэлбэр, илрэлийг үл тэвчих сэтгэл зүйн орчин төлөвшүүлэхэд сургалт, сурталчилгаа хийх, соён гэгээрүүлэх ажлыг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, интернет сүлжээ ашиглаж явуулах;

б/ авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх асуудлыг сурталчлан түгээхэд төв, орон нутгийн төр, захиргаа, хууль хяналт, олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй түншлэлийн холбоо тогтоон, тэдгээрт бүх талын тусламж, дэмжлэг тогтоон ажиллах:

3.2.7. Авлигатай тэмцэхэд иргэний нийгмийн оролцоог дээшлүүлэх чиглэлээр:

а/ Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт болон авлигын нөхцөл байдлын талаар үнэлгээ хийж, түүнд дүгнэлт өгөх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар санал, зөвлөмж гаргах;

б/ авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилго бүхий төрийн бус байгууллага, сайн дурын хөдөлгөөнийг дэмжих;

в/ авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх асуудлаар хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран улс, аймаг, нийслэлийн хэмжээнд тодорхой төсөл хэрэгжүүлэх;

г/ авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх асуудлаар улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн хүрээнд иргэд, олон нийтийг хамарсан зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулах;

д/ авлигын түвшин, цар хүрээ, хандлага, татварын байгууллагууд шударга ажиллаж байгаа эсэх талаар олон нийтийн санал бодлыг жил тутам судлан дүгнэлт хийхэд Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллах, тусламж, дэмжлэг үзүүлэх, санал, зөвлөмж өгөх;

е/ авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг өргөн оролцуулж, идэвх зүтгэлтэй ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын хөдөлгөөнийг дэмжин туслах, урамшуулж байх;

ж/ авлигыг үл тэвчих явдлыг нийгэмд төлөвшүүлэхийн тулд иргэний нийгмийн болон судалгааны байгууллага, нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллаж иргэдэд авлигатай тэмцэх талаар сургалт, сурталчилгаа хийх ажлыг эрчимжүүлж, авлигын талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох, хүлээн авах, үнэлэх, хяналт тавьж ажиллах.

Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

4.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, мэдээллээр хангах, хяналт тавих, жил бүр хэрэгжилтийн явцыг гаргаж тайлагнах үүргийг Татварын ерөнхий газар хүлээнэ.

4.2. Хөтөлбөрийн хэрэгжилтэд зохицуулалт хийх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүргийг хөтөлбөрийг хэрэгжүүлэх орон тооны бус зөвлөл гүйцэтгэнэ.

4.3. Орон нутагт хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохицуулах, хяналт тавих үүргийг бүх шатны Татварын албаны дарга хариуцан зохион байгуулна.

4.4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд байгууллага, аж ахуйн нэгж, иргэд дараахь байдлаар оролцоно:

4.4.1. Иргэний нийгэм, төрийн бус байгууллагаас хөтөлбөрийн асуудлаар ирүүлсэн санал санаачилгыг судлан, төрийн гүйцэтгэх зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх болон хамтран ажиллах;

4.4.2. Хөтөлбөрийн асуудлаархи олон улсын гэрээ, конвенц, хурал зөвлөгөөний шийдвэр, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд татвар төлөгч, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулан хяналт-үнэлгээ хийх;

4.4.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, олон нийтийг мэдээллээр хангах, тэдний саналыг үйл ажиллагаандаа тусгах.

4.4.4. Хөтөлбөрийн холбогдох асуудлаар төсөл боловсруулан төрийн болон олон улсын байгууллага, хандивлагчдад хандах, хөрөнгө, нөөцийг дайчлах;

4.4.5. Хөтөлбөрийн асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нийгмийн амьдралд залуучуудын оролцох эрхийг хүндэтгэх, оролцоог дээшлүүлэх зорилгоор үндэсний татварын албаны , орон нутаг, бүсийн хэмжээний хурал зөвлөгөөн зохион байгуулах, үндэсний хэмжээний болон олон улсын хурал зөвлөгөөн, сургалтад зохих төлөөллийг оролцуулж байх;

4.4.6. Хөтөлбөрийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

4.4.7. Өсвөр үе, залуучуудын чиглэлээр зохион байгуулж байгаа хөтөлбөрийн асуудлаарх зарим арга хэмжээг санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлэх; Хэвлэл мэдээллийн байгууллага

4.4.8. Хөтөлбөрийн талаар баримталж байгаа Татварын албаны бодлого, арга хэмжээг сурталчлах, ил тод байдлыг хангах;

4.4.9. Олон улсын хэмжээний хурал зөвлөгөөн, төр, засгийн бодлого, шийдвэрийн талаар сурталчлах, түүний хэрэгжилтийн байдалд хяналт тавих, иргэдийн санал бодлыг тусгах;

4.4.10. Авилга, хээл хахуулиас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаархи олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах. Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага

4.4.11. Хөтөлбөрийн онцлог, тулгамдсан асуудлыг судлан, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох;

4.4.12. Хөтөлбөрийн талаархи мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулж байх;

4.4.13. Холбогдох татварын байгууллагын захиалгын дагуу хөтөлбөрийн асуудлаар судалгаа хийж, бодлогын зөвлөмж боловсруулж, хүргэх;

4.4.14. Хөтөлбөрийн асуудлаар эрдэм шинжилгээний ажлыг өргөжүүлэх;

4.4.15. эрдэмтэн судлаачид, оюутнуудын хийсэн судалгаа, шинжилгээ, туршилтын ажлын үр дүнг татварын байгууллагад сурталчлах, борлуулах, гэрээний үндсэн дээр шилжүүлэх ажлыг зохион байгуулах;

4.4.16. Авилга, хээл хахуулиас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаархи эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжилтэн, сэтгүүлчид, судлаач, хуульчийг бэлтгэх, чадавхийг нь бэхжүүлэх, давтан сургах ажлыг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулах.

Тав. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

5.1. Хөтөлбөрийн хэрэгжилтэд үе шат бүрээр дараахь үзүүлэлтийг үндэслэн хяналт-шинжилгээ хийнэ:

А. Статистик мэдээлэл

5.1.1. Авилга, хээл хахуультай тэмцэх ажлын хүрээнд холбогдох үзүүлэлтээр статистик мэдээ гаргаж байх

Б. Байгууллагын дотоод мэдээлэл, үйл ажиллагааны тайлан

5.1.2. хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зарцуулсан хөрөнгийн хэмжээ;

5.1.3. Хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааг татварын хууль, тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрхийн акт, бодлого, хөтөлбөрт тусгасан байдал;

5.1.4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хамран ажилласан байгууллагын тоо;

5.1.5. Хамтран ажилласан байгууллагаас зарцуулсан хөрөнгийн хэмжээ.

В. Судалгаа

5.1.6. Татварын алба дахь ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй байдал;

5.1.7. Татварын алба дахь ажил үүргийн нээлттэй, ил тод, тунгалаг байдлын судалгаа

5.1.8 татварын албаны нэр хүнд болон түүнд итгэх татвар төлөгчийн итгэлийн байдлыг үзүүлсэн судалгаа

5.1.9. Шаардлагатай бусад судалгаа

5.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг ТЕГ, нийслэл, аймаг, дүүргийн Татварын хэлтэс, хөтөлбөрийг хэрэгжүүлэх орон тооны бус эрхлэн гүйцэтгэнэ.

5.3. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилд иргэний нийгэм, татвар төлөгчдийн оролцоог хангах боломжийг бүрдүүлнэ.