"Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, татвараа төлсөн танд баярлалаа" : Үндэсний Татварын Алба

Нийгмийн баталгааг хангах хөтөлбөр

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧДЫН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6.2 дугаар заалт нь Үндэсний татварын албаны албан хаагчдын ажиилах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр боловсруулах хууль эрх зүйн үндэслэл болно.

Хөтөлбөрийн зорилго

Үндэсний татварын албаны албан хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог сайжруулах асуудлын хүрээнд ажлын нөхцлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг сахин хамгаалах, сувилалд амрах нөхцөл бололцоогоор хангахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Татварын ерөнхий газрын удирдлага, Татварын албад хариуцах бөгөөд 2009-2012 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд үе шаттайгаар тусгаж хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

1. Татварын албадын конторын барилгыг сайжруулах талаар:

• Татварын ерөнхий газрын конторын барилгыг ашиглалтад оруулах

• Архангай аймгийн татварын хэлтсийн конторын барилгыг ашиглалтанд оруулах

• Булган аймгийн татварын хэлтсийн конторын барилгыг ашиглалтанд оруулах

• Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн конторын барилгыг ашиглалтанд оруулах

• Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн конторын барилга бариулах асуудлыг шийдвэрлэх

• Зарим татварын албадын хуучирч муудсан байрыг сэргээн засварлах

2. Албан хаагчдын ажлын байрны талаар:

• УТОХГ, нийслэл, аймаг, дүүрэг, сумдын татварын улсын байцаагч бүрийг бичгийн ширээ, сандал, компьютерээр бүрэн хангах

• Алслагдсан зарим сумдын байцаагчдыг мотоциклоор хангах

• Ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, бичиг хэргийн хэрэгсэлээр хангах

• Спортын заал /барилга/ байгуулах

3. Албан хаагчдын сургалтын талаар:

• Орон нутаг, бүсийн сургалтын төвүүдийг багшлах чадварлаг боловсон хүчин, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хангах

• Албан хаагчдыг гадаад, дотоодын их дээд сургуульд мэргэшлийн чиглэлээр давтан сургах

• Албан хаагч өөрийн хүсэлтээр суралцах болон хүүхдээ сургахад нь хууль тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлэх

• Гадаад сургалтанд хамрагдагсадыг “Сургагч-багш”-аар бэлтгэх ажлыг зохион байгуулах

• Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн дэргэд “Сургалтын жишиг төв” байгуулж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах

4. Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар:

• Албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхдээ ажилласан жилийг болон ажлын үр дүнг харгалзах, цол, эрдмийн зэрэг, зэрэг дэв, мэргэшлийн зэрэг, ур чадварын болон үр дүнгийн шагналын нэмэгдлийг тогтмол хугацаанд олгох

• Албан хаагчдын үйл ажиллагааны үнэлгээ, ажилласан жил, ур чадварыг харгалзан зэрэг дэв нэмэгдүүлэх асуудлыг тухай бүр нь шийдвэрлэх

• Албан хаагчдын үр дүнгийн гэрээг дүгнэж мөнгөн урамшуулал олгох

• Орон сууцны асуудлыг судалж, санал боловсруулах комиссыг байгуулж, ажиллах журмыг батлах

• Орон сууц, хашаа байшин худалдан авахад байгууллагаас хөнгөлөлттэй зээлд хамруулах

• Орон сууц, хашаа байшингийн Зээлийн баталгаа гаргаж өгөх

• Орон сууц, хашаа байшин худалдан авахад нь мөнгөн тусламж үзүүлэх

• Улаанбаатар хотод 240 айлын орон сууцны байр бариулах

• Аймгийн төвүүдэд үе шаттайгаар татварын ажилчдад зориулан 8 айлын орон сууц бариулах

• Сумын төвд татварын ажилтанд зориулж хашаа, байшин бариулах

• Орон сууц бариулах газрын асуудлыг шийдвэрлэх

• Албан хаагчдад зуслангийн газар авч өмчлүүлэх ажлыг зохион байгуулах

• Гэр болон галалгаатай байшинд амьдардаг албан хаагчид түлээ, нүүрс худалдан авахад нь тодорхой хэмжээний тусламж үзүүлэх ажлыг жил тутам зохион байгуулах

• Ганц бие болон өрх толгойлсон болон шинээр гэр бүл болсон залуу гэр бүлд эд хөрөнгийн болон санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэх

• Албан хаагчдад сар бүр олгох хоол, унааны зардлыг нэмэгдүүлэх

• Орон нутгийн татварын албадыг өөрсдийн нөөц бололцоогоо түшиглэн ашгийн бусаар туслах аж ахуй эрхэлж, хүнсний ногоо тарьж албан хаагчдын хүнсний хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх

• Байрны багтаамжтай татварын албадын ажиллагсдад хямдралтай үйлчлэх цайны газартай болгох

• Амралтын цагийг зөв боловсон өнгөрөөх, харилцан мэдээлэл солилцох, амралт, спортын бие бялдаржуулах өрөө тохижуулах

• Албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас албан хаагч, түүний гэр бүлийн гишүүнийг хамгаалах арга хэмжээ авах

• Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд түүний ар гэрт 3 жилийн албан тушаалын цалинтай нь, биед нь гэмтэл учируулсан тохиолдолд эмчилгээний зардлыг буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгох

5. Албан хаагчдын амралт сувилал, эрүүл мэндийг сахин хамгаалах талаар:

• Дархан-Уул аймгийн Зулзгын гол болон Төв аймгийн Батсүмбэрт татварын албаны амралт, сургалтын төв цогцолборыг ашиглалтанд оруулж, 4 улирлын үйл ажиллагаатай болгож, амралтын журмыг батлаж мөрдүүлнэ.

• Оросын холбооны улсын Байгал нуур амралтын газар, туршлага солилцож, хамтран ажиллаж байгаа Хятад улсын Тяньжинь муж болон бусад холбогдох улс оронд албан хаагчдыг амраах ажлыг зохион байгуулна.

• Татварын албадын албан хаагчдыг нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 1 удаа хамруулж, зардлыг байгууллага хариуцна.

• “Эрүүл агаар эм”, “Цасны баяр” сэдэвт идэвхитэй амралт, явган болон тойрон аялалыг жилд 1-ээс доошгүй удаа зохион байгуулна.

• “Эрүүл аж төрөх ёс” сэдвийн хүрээнд нарийн мэргэжлийн эмчийг урьж, улиралд 1 удаа албан хаагчдад яриа, таниулга хийнэ.

• Албан хаагчийг гадаадад эмчлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

• Татварын албаны ажилтны өдөрлөг болон спорт, биеийн тамирын арга хэмжээнд албан хаагчдыг оролцуулах ажлыг зохион байгуулах

• Албан хаагчдыг эмчилж сувилуулдаг тусгай өрөө, булан, чухал шаардлагатай түргэн тусламжийн багаж хэрэгсэлтэй болох

• Татварын ерөнхий газарт гэрээгээр эмч ажиллуулах

• Дотоодын рашаан сувилалд сувилуулах, амрах тохиолдолд ирэх, очих замын зардлыг автомашин, төмөр замын үнэлгээр тооцож олгох

6. Нийгмийн асуудлыг “Амьдралын даатгал”-аар шийдвэрлэх талаар:

• Татварын ерөнхий газар “Амьдралын даатгал”-ын үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагатай хамтран албан хаагчдын нийгмийн хамгааллын дараах асуудлыг судлан шийдвэрлэнэ.

o Хөдөлмөрийн чадвараа түр алдалттай холбоотой тэтгэмж

o Хүүхдийн боловсрол /сургалтын төлбөр/

o Орон сууцны даатгал

o Олон улсын эмнэлэгийн болон аялалын тусламж үйлчилгээ

Хөтөлбөрийн санхүүжилт

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг байгууллагын жилийн төсөвт тусган санхүүжүүлнэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах бусад хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

o Татварын ерөнхий газрын даргын төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний урамшуулалын хөрөнгө

o Татварын албадын орон нутгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний урамшуулалын хөрөнгө

o Татварын байгууллагыг дэмжих зорилгоор гадаадын олон улсын байгууллагын төслийн хөрөнгө

o Төрийн болон төрийн бус байгууллага, сан, иргэдээс өгч буй тусламж, дэмжлэгийн хөрөнгө

o Даатгалын сан

Хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих, дүгнэх

Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хянат тавих, дүгнэх ажлыг Үндэсний татварын албаны хэмжээнд Татварын ерөнхий газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын албаны хэмжээнд тухайн албадын дарга нар хариуцан гүйцэтгэнэ.